МӨРДӨН ШАЛГАХ НЭМЭЛТ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭХЭЭР БОЛ ШҮҮХ ХУРАЛДААНЫГ нэг удаа 60 ХҮРТЭЛ ХОНОГООР ХОЙШЛУУЛНА

2023-04-18      543

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2023.01.31, №2023/ЦХШЗ/36

Процессын тоймын дугаар, огноо: №2, 2023.04.18

Шийдвэрий төлөв: Хүчин төгөлдөр болсон

         Иргэн Д, Б нарын хохирогч Т-г  зодож хүндэвтэр хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг Прокуророос Д,Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  

        Харин тус шүүх хэргийг хүлээн авч харьяаллын дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.

          Д, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдааны явцад прокурор, мөрдөгч нар нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэргийн үйл баримтыг мэдэж буй гэрч нараас мэдүүлэг аваагүй, шаардлагатай нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулах ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон.

          Иймд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримт, тэднийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох боломжгүй гэж үзэн шүүх хуралдаанаас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Прокурорт даалгаж шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулав.

            Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг