ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ЦАХИМ ШУУДАНГААР ХҮРГҮҮЛЖ БОЛНО

2025-11-28      37

Шүүхийн нэр: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх

Шүүхийн шийдвэрийн дугаар: 2025.05.26 193/ШШ2025/00395

Тоймын дугаар, огноо: №2,  2025.11.27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд: “... хариуцагчийн 2025.02.27-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хөрөнгийн нөхцөл байдлыг буруу тооцож үнэлгээ хийсэн. Хэт багаар хөрөнгийг үнэлсэн тул хөрөнгийн  үнэлгээг хүчингүй болгож өгнө үү”

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээний тайланг хоёр аргаар танилцуулж болно. Биечлэн болон шуудангаар. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дээр үнэлгээний тайланг эрх зүйн сөрөг үр дүйгээр дагавар бий болгож байгаа эрх зүйн баримт бичиг учраас заавал баталгаат шуудан эсвэл биечлэн танилцуулдаг журамтай. Нэхэмжлэгчид  биечлэн танилцсан нь 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хөрөнгийн үнэлгээг цахим мэйлээр танилцуулна гэдэг зүйл байхгүй... гэж тайлбарласан.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... нэхэмжлэгчээс хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөөгүй. Шинжээчийг томилж,  үйлдвэр дээр очиж үнэлгээ хийхэд тухайн компанийн гүйцэтгэх захирал байлцсан.  Хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу үнэлсэн, үнэн бодитой гэж үзэж байна. Ашиглалтад орсон огноо нь 2020, 2021 он гээд хөрөнгийн үнэлгээний тайлан дээр дурдагдсан бичигдсэн байна. Иймд хөрөнгийн үнэлгээний үнэлгээ хууль журмын дагуу үнэн зөв гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  ... 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ирж үнэлгээтэй танилцахыг мэдэгдсэн боловч очих боломжгүй мэйлээр явуулна уу гэсэн тул мэйл хаягаар нь мөн Viber-аар үнэлгээний тайланг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан эсвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ  гэсэн заалт байдаг гэж маргасан.

Шүүхээс: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана. Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын 2025 оны 02 сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлангийн талаар төлбөр төлөгч, өмчлөгч, эзэмшигчид 2025 оны 02 сарын 27-ны өдөр Viber-аар мэдэгдэхэд очих боломжгүй байна, миний Viber цахим хаягаар явуулчих гэсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14.4-т заасантай нийцсэн.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр шүүхэд гаргаж, хуульд заасан мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/189763?daterange=2025-01-01%20-%202025-11-28&id=1&court_cat=1&bb=1

Тойм бичсэн: Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа

Мэдээ, мэдээлэл