Архи авч зугтаасан гэх шалтгаанаар хамт байсан нэгнээ зодсон этгээдэд ял оногдуулав

2025-11-20      65

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол

 2025 оны 09 сарын 10 өдөр Дугаар 2025/ШЦТ/178

Шүүхийн шийдвэрийн тойм №03

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч М нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлсэн үедээ  хохирогч Б-г дэлгүүрээс авсан архийг нь  “миний архи авч зугтлаа “ гэсэн шалтгаанаар хүч хэрэглэн толгойд нь гараараа цохиж дагз ясанд шугаман хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд  хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан ” бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба шүүхээс шүүгдэгч М- г   хүний толгой руу хүчтэй цохиж зодон толгойн ясанд нь хугарал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Иргэн М -д үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр шийдсэн болно.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125198?daterange=2025-01-01%20-%202025-11-20&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч     Х.Ганболд

Мэдээ, мэдээлэл