Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

2022-07-28      876

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Улс орондоо социализмын үндсийг байгуулах зорилтыг дэвшүүлэн, 1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлаар БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн баталснаар БНМАУ-ын шүүхийн түүхэн хөгжлийн II үе эхэлж, шүүхийн систем, шүүн таслах ажиллагааны ардчилсан зарчмуудыг хуульчлан баталгаажуулсны үр дүнд шүүн таслах ажиллагааг зөвхөн мэргэжлийн шүүн таслах газрууд эрхлэн гүйцэтгэхээр болжээ.

1940 оны Үндсэн хуулиар шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчмуудыг анх удаа Үндсэн хуулийн зарчим болгон хуульчлан баталгаажуулсан байна. Түүнчлэн Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сум, хороодын дарга нар шүүн таслах үүргийг хавсран гүйцэтгэж байгааг мөн оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, сум, хорооны шүүхийн таслан шийдвэрлэх хэргийг зохих аймаг, хотын шүүхэд харьяалуулсан байна.

БНМАУ-ын Үндсэн хуульд 1949 онд нэмэлт оруулснаар шүүхийн тогтолцоог 1) Улсын дээд шүүх, 2) Аймаг, хотын шүүх, 3) БНМАУ-ын тусгай шүүх, 4) Ардын хэсгийн шүүх гэж 4 хуваан тодорхойлжээ.

Улсын Их Хурлаас 1951 онд Улсын Дээд шүүхийг, 1952 онд аймаг, хотын Хөдөлмөрчдийн депутатуудын хурлаас аймаг, хотын шүүхийг сонгуулийн шинэ систем, хууль тогтоомжийн ёсоор сонгон байгуулжээ.

БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1953 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигаар “БНМАУ-ын Ардын хэсгийн шүүхүүдийн сонгуулийн тухай дүрэм”-ийг баталж, ардын хэсгийн шүүхийг сонгох сонгууль 1953 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ням гаригт улс орон даяар нэгэн зэрэг явагдсан байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт болон шүүхийн зохион байгуулалтын тухай хуулийн дагуу ардын хэсгийн шүүхийг зохих сум, хорооны ард иргэд сонгуулийн

 

нийт, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, 3 жилийн хугацаагаар сонгох ба бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш 2 сарын дотор шинэчлэн сонгох, ардын хэсгийн шүүгч, ардын төлөөлөгчөөр 23 насанд хүрсэн, шүүхээр ял шийтгэгдээгүй БНМАУ-ын харьяат иргэнийг сонгохоор болжээ.

Эндээс үзэхэд 1953 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 аймгийн шүүх, 76 ардын хэсгийн шүүхийн шүүгч, ардын төлөөлөгчийг сонгох сонгууль явагдаж, харин Улаанбаатар хотод ардын хэсгийн шүүх байгуулах асуудлыг боловсруулахыг БНМАУ-ын Шүүх яаманд буюу тухайн үеийн шүүхийн дарга нөхөр Пэлжээд даалгаж байжээ.

Ийнхүү Улаанбаатар хотод ардын хэсгийн шүүхүүдийг шинээр байгуулах асуудлыг судлан боловсруулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэсгийн шүүхүүдийг байгуулах” тухай 19 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод ардын хэсгийн шүүх 5-ыг байгуулж, бүх дэвсгэр нутгийг тэдгээрт хуваарилан харьяалуулсан байна. Энэхүү шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1956 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр Амгаланбаатар, Уурхайчдын хороодыг харьяалсан ардын хэсгийн 5 дугаар шүүхийг Уурхайчдын хороон дээр төвлөрүүлж, шүүгчээр Х.Сэдэдийг баталжээ.

 

1956 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ардын хэсгийн 5 шүүх байгуулагдахаас өмнө Уурхайчдын хороо буюу Налайхад шүүн таслах ажиллагааг Улаанбаатар хотын шүүхээс шүүгч томилогдон ирж, нүүдэллэн ажиллаж байсан болох нь дараах баримтуудаас харагдаж байна.

1956 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэсгийн шүүхүүдийг байгуулах” тухай 19 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод ардын хэсгийн шүүх 5-ыг байгуулж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүн таслах ажиллагааг явуулж эхэлсэн байх бөгөөд 1957 онд Улаанбаатар хотын 5 хэсгийн шүүхийн харьяаллыг дараах байдлаар тогтоожээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дүгээр “Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа, хотын шүүх ба прокурорын ажилтан нарын албан тушаалын цалинг нэмэгдүүлэх” тухай тогтоолоор хэсгийн шүүхийн дарга нарын цалингийн хэмжээг тогтоосон байх ба харин БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар “Хотын шүүх, прокурорын ажилтан нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх” тухай тогтоолоор Улаанбаатар хотын шүүхийн дарга, даргын орлогч нарын цалингийн хэмжээг тогтоосон байгаагаас Улаанбаатар хотын 5 хэсгийн шүүх нь 1956 онд байгуулагдсан байх үндэслэлтэйг давхар харуулж байна.

 

1956 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Уурхайчдын /Налайх/ хороонд байгуулагдсан анхны бие даасан шүүх болох Улаанбаатар хотын Ардын хэсгийн 5 дугаар шүүхийн нарийн бичгийн даргаар З.Мягаа, зарлагаар С.Долгор нар ажиллаж байжээ. Ардын хэсгийн 5 дугаар шүүхийн анхны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэгдэх Ж.Ичинхорлоо нь 1956 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс, З.Мягаа нь 1956 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус томилогдсон байх тул анхны нарийн бичгийн даргаар З.Мягаа ажилласан байна.

    

1956 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ардын хэсгийн шүүхийн шүүгч, ардын төлөөлөгчдийг 3 жилийн хугацаагаар сонгох сонгууль 2 дахь удаагаа, Улаанбаатар хотод анх удаагаа явагдаж, Улаанбаатар хотын Ардын хэсгийн 5 дугаар шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байсан шүүгч Х.Сэдэд, мөн доор дурдсан нэр бүхий 30 хүн ардын төлөөлөгчийг сонгох сонгуульд нэр дэвшиж, 100 хувийн саналаар тус тус сонгогдож байжээ.       

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Налайх хороог “хот” болгож 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Налайх хотын шүүх” болгож, 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл шүүхийн дарга, шүүгч, нарийн бичгийн дарга, бичээч, ахлах тогтоол гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, зарлан дуудагч гэсэн орон тоотойгоор орон нутгийн төсвөөс санхүүжин ажилласан байна.

Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулиар “Налайх хотын шүүх”-ийг “Налайх дүүргийн шүүх” болгон өөрчлөн байгуулж, нутаг дэвсгэрийн харьяаллыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон байх ба 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар дээрх хуульд өөрчлөлт оруулж “Дүүргийн 4 дүгээр шүүх” (Налайх дүүргийг харьяалах) гэж шүүхийн нэрийг өөрчилсөн байна.