Мөнгө нэхлээ гэх шалтгаанаар хамтран амьдрагчаа зодсон этгээдэд ял оногдуулав

2025-11-26      26

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол

 2025 оны 09 сарын 05 өдөр Дугаар 2025/ШЦТ/171

Шүүхийн шийдвэрийн тойм №04

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч  Н нь Налайх дүүргийн тоотод 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хамтран амьдрагч хохирогч В -г мөнгө нэхлээ гэх шалтгаанаар согтуурсан үедээ гар болон хөлөөр цохиж өшиглөж зодож биед нь баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг ,  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамтран амьдрагч хохирогч В-г дүүг нь ад үзлээ гэх шалтгаанаар гар болон хөлөөр толгой тус газарт цохиж өшиглөж зодож биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д  "гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан хуулийн үйлчлэлд шүүгдэгчийн үйлдэл хамаарч байх бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Н- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125197?daterange=2025-01-01%20-%202025-11-24&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч     Х.Ганболд

Мэдээ, мэдээлэл