ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХ ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ТӨРӨӨС ШААРДАХ БОЛОМЖТОЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2021-08-09-ний өдрийн 189/ШШ2021/00023 дугаар шүүхийн тогтоол
Тоймын дугаар, огноо: №2, 2023-04-24
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Нэхэмжлэгч А шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгөөр тооцож, үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хохирол 2,865,000 төгрөгийг төрөөс гаргуулна гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгэгдсэн этгээдийг цагаатгасан тохиолдолд үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хохирлыг төрөөс гаргуулах эрхтэй.
Шүүхээс нэхэмжлэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсон тул А-г дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол 2,865,000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурджээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл