ШҮҮГДЭГЧИД АВСАН ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЭС ЗӨВШӨӨРСӨН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

2024-02-14      223

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2024.01.16, 2023/ЕШЗ/08

Процессын тоймын дугаар, огноо: №1, 2024.02.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шүүгдэгч У-ийн өмгөөлөгч Б нь тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/45 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжийн шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч У-д холбогдох хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хэргийн материалтай танилцаагүй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаан хойшлуулах нөхцлийг бий болгосныг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 11 ны өдрөөс авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ”... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэсэн заалтын хүрээнд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” , 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах эрх эдлэх боломжоор хангана”   гэж заасан  эрхээ эдлэх талаар илэрхийлж байгаа нь мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулахгүй байх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгч сонгох байдлаа төлбөрийн боломжгүй байдлаар 2 удаа гаргасан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна гэж үзлээ.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/45 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 2,3 дахь хэсэгт заасан заалтыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд