ШҮҮГЧ НАРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 72, 73 дугаар зарлигаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Тойргийн шүүхэд шүүгчээр томилогдсон Пүрэвдоржийн Нямсүрэн, Баярмагнайн Хишигзаяа нарын “Шүүгчийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн Тамгын газарт зохион байгуулав.
Шинээр томилогдсон шүүгч нарын "Шүүгчийн тангараг" өргөх ёслолын арга хэмжээг Багахангай, Налайх дүүргийн Тойргийн шүүхийн тамгын газрын дарга Б.Мөнхбат удирдан явуулж, шүүгч нарын товч намтрыг танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгож, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа "Шүүгчийн тангараг" өргөх ёслолын арга хэмжээг нээж үг хэллээ.

Уг арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Налайх, Багахангай дүүрэг дэх Прокурорын газар, Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс, Налайх шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвийн удирдлагууд болон тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид оролцож баяр хүргэж, “Ган үзэг нь бөх, гаргасан шийдвэр бүр нь мэргэн байх”-ыг хүсэн ерөөж цаашдын ажилд нь амжилт хүслээ.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР