АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХГҮЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2024.01.17-ны өдрийн,104/ШЗ/00268
Процессын тоймын дугаар,огноо: №1, 2024-02-01,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч УБ ТӨХК-н итгэмжлэлийн дагуу дүүргийн Прокурорын газраас Эй ХХК-д холбогдуулан эрчим хүчээр хангах гэрээний төлбөрт нийт 14,725,437 гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.1., Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5.-д зааснаар УБ ТӨХК нь төрийн байгууллага биш тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн өмнөөс үйлдэл хийн оролцох эрхийг Прокурорын байгууллагад итгэмжлэлээр олгох эрхгүй байна.
Иймд дүүргийн Прокурорын газар УБ ТӨХК-иас олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа