Иргэнийг гэрээс нь өөр газар буулгаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан этгээдэд ял оногдуулав.

2025-09-12      34

Багахангай , Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 12 өдөр Дугаар 2024/ШЦТ/59

Шүүхийн шийдвэрийн тойм 2025 оны 09 дүгээр сарын 12 №6

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Ө.Э нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө 02 цагийн орчим  тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн Н.Г -ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулгаж явсан ба улмаар Н.Г  нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Н.Г-ыг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэршандын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсийг Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 09 дүгээр сарын 12 ны өдөр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан..

 

Мөн эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.

 

Ө.Э нь иргэн Н.Г-г согтууруулах ундаа хэрэглэсэн зам дээр зогсож байхад нь гэрт нь хүргэж өгөх зорилгоор тээврийн хэрэгсэлдээ суулгаж явж байхдаа өөр чиглэлд явж байгааг нь хэлэхэд утсаар ярихад саад боллоо гэж бухимдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Улмаар очих газраас нь өөр газар зогсон тээврийн хэрэгслээс буулган орхин явснаас хойш хохирогч нь тухайн буулгасан газраас 200 метрийн зайтай 6 цагийн дараа осголтын байдалтай олдож эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хэрэгт хуулийн дагуу авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Ө.Э-гийн үйлдэл нь автомашинаас буулгахдаа гадаа хүйтэн хүн осгох эрсдэлтэйг мэдэх боломжтой байсан ч хохирогч  Н.Г-г буулгасан нь гэмт хэргийг  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

Шүүхээс Ө.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Ө.Э эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, гэмт этгээдийн удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ял оногдуулан урьд Д аймаг дахь сум дундын Шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30 ны өдрийн №398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1000000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд